4.6 (978) Үйлчилгээний үнэлгээ
4.9 (142) QR код үнэлгээ
4.7 (43) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
 Албан ёсны вэб хуудас үзэх
  2022.04.24 12:11:34
  Л.Амарсанаа

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

      Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо ТББ-тай хамтран “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

      Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн эрх зүйн орчны өнөөгийн байдлыг хэлэлцэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг тодорхойлох зорилготой энэхүү хэлэлцүүлэгт төр болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

    Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар нээж төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгцээ шаардлага, хэрэгжүүлэх арга замын талаар санал бодлоо хуваалцлаа.

  Монгол улс анх удаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр баталж, 2022 оноос хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдээ хардаг, бүтэн цагаар ажиллах боломжгүй эмэгтэйчүүдийг цагийн ажилд зуучлах, цахимаар суралцах боломжийг бүрдүүлэх, хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын оролцоо чухал болохыг онцолсон.

  Хэлэлцүүлгийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал”, “Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан нь”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга” гэсэн сэдвээр үндсэн илтгэл тавигдаж энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм.